Хийж бүтээсэн зүйл ихтэй хэр нь түүнийгээ олонд таниулах сонирхолгүй одоогийн залуусын хэлдгээр од болох хүсэлгүй хүмүүс бидний эргэн тойронд нам гүмхэн оршсоор. Тэд төрөөс гавьяа шагнал горьдож түүндээ тааруулж ажилладаггүй. Эдгээр эгэлчүүдийн нэг нь МУСГЗ, Жаалхүүгийн Даваасамбуу гуай. Саяхныг хүртэл энэ эрхмийг таньдаггүй байлаа. Өдгөө 91 насны босгыг алхаж яваа энэ буурай гэрэл зурагтай хувь заяагаа холбоод 70 орчим жил болжээ.
Түүнтэй уулзахаар манай баг нийслэлээс 20 гаруй км-ын зайтай Гүнтийн зуслангийн амыг зорьсон юм. Уртавтар цагаан сахалтай, ялимгүй бөхийж аажуухан алхах өвгөн биднийг тослоо. 
Тэрээр 1929 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд Жаалхүүгийн 13 хүүхдийн хоёрдугаар хүү болон төржээ.
Монголын гэрэл зургийн загалмайлсан эцэг МУСГЗ, Ж.Даваасамбуу
Түүний бага нас эцэг эхийн халуун хайранд умбаж, эгч дүү нартайгаа бужигналдан, мал маллаж өссөн сайхан дурсамжаар дүүрэн. Тухайн үед цаас харандаа гэж байсангүй. Үнсэн самбар дээр модон савхаар, өвөл болохоор цасан дээр нарийн модоор ер нь зурж болохоор юу л байна түүн дээр зураг зурна.
Тэднийх Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Түдэвийн аав Лодон гуайнхтай хөрш байсан аж. Хөрш айлын хүүхдүүд л болсон хойно үргэлж л хамт тоглоно. Л.Түдэв найзыгаа зураг зурах үед ихэд гайхан алмайрч, анхааралтай ажигладаг байжээ. Ингээд хожим нь нэрт яруу найрагч болсон хойноо “Хорвоотой танилцсан түүх” зохиолынхоо “Зурагтай танилцсан минь” бүлэгт түүний тухай бичсэн байдаг аж. Сурагч байхдаа шимтэн уншдаг байсан зохиолын “үнсэн дээр бух зураад дахин дахин баллаж суудаг бяцхан хүү” өмнө минь суугаа энэ ануухан буурай гэж бодохоор бахархалтай санагдаж байсан юм.
Түүний зурсан зураг марк, ил захидал болон хэвлэгдэж байжээ
Бүрэн дунд боловсрол эзэмшиж, Улсын багшийн дээд сургуулийг “Бага ангийн багш” мэргэжлээр дүүргэжээ. Түүнчлэн 1952 онд Москва хотноо офсет хэвлэл, 1960 онд БНГУ-ын Дрездин хотод гүн хэвлэлийн өнгөт хэв бэлтгэхийг Герман мэргэжилтэн Рудольф Ребеншитээр заалган суралцаж энэ чиглэлээр мэргэшсэн аж.
Davaasambuu-ahmad-gerel-zuragchin
Аппараттайгаа яваа цагт сонирхохгүй сэдэв, онилохгүй цэг гэж үгүй
Ингээд улсын хэвлэлийн цех, гүн хэвлэлийн үйлдвэрт ажилчин, мастераар ажиллаж байгаад 1973-1975 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт техник редактор, үйлдвэрийн хэлтсийн дарга, 1976-1982 онд Сайд нарын зөвлөлийн ШУТУХ-д МБОХН-ийн ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Төр засгаас түүний хийж бүтээснийг үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, хэвлэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, АИХ-ын тэргүүлэгчдийн хүндэт үнэмлэх олгожээ. Түүний цөөнгүй зураг нь марк, ил захидал болон хэвлэгдэж олонд хүрсэн байдаг. Түүнчлэн Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлай зохиосон бүх нотоо зуруулдаг байсан гэдэг.
Davaasambuu
Монголын төр түүний хийсэн бүтээсэнд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол тэмдэг олгосон юм /2019-02-03/
~Монголын улаан номонд орсон нэн ховордсон ургамал амьтдын бүхий л зураг түүний бүтээл~
“Аз таарч сайхан зураг дарчих нь олон таа шүү” хэмээн ярих нь дэндүү даруу зангийн илрэл биз ээ. Түүний анхны гэрэл зургийн аппарат нь Германы “Фотого”, үүний дараа “Фэд”, “Зорьки”, “Никон” гээд гэрэл зургийн олон аппарат элээсэн гэдэг.  Тэрбээр энэ олон жил гэрэл зураг авахдаа Монгол эх орныхоо бүхий л үзэсгэлэнт байгалийн сайхан, хүн зоны аж амьдрал, ахуй соёлыг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн билээ. Үүний тод жишээ Монголын улаан номонд орсон нэн ховордсон ургамал амьтдын бүхий л зураг нь түүний бүтээл аж. Социализмын үед цаачин хүмүүсийн амьдралыг харуулсан гэрэл зургаа сонинд нийтэлснийхээ төлөө томоохон сануулга авч. Учир нь, тухайн үеийн төр засаг үзэл суртлын нөлөөгөөр түүнийг муу муухай зүйлийг олонд дэлгэсэн хэмээн хатуу сануулга өгч, мөн улсын наадмаар түрүүлсэн морины зургийг авч нийтэлсний дараа цагдаагийн газарт дуудагджээ. Мань хүнийг яваад очтол “таны авсан морь хулгайн морь байна. Энэ морь одоо хаана байна” хэмээн байцаасан гэдэг. Энэ мэтчилэн хөгтэй, хөгжилтэй зүйлс элбэг тохиолдоно. Түүний бүтээлүүдийг харж суухад ховор сонин зураг олон.
Жаран жилийн өмнөх нийслэл хотын дүр төрх, алдар цолтой бөхчүүдийн хэн хүний харж байгаагүй залуу цагийн төрх, эвдэрч сүйдээгүй монгол орны байгалийн онгон дагшин дүр зураг, нэр төртэй урлаг соёлын алтан үеийнхний гялалзаж явсан мөч бүхнийг Ж.Даваасамбуу гуай гэрэл зургийн хальснаа аргамжиж үлдсэн байх юм. Түүний гэрт хуучны модон авдар нэлээн хэд байх бөгөөд түүнд эд хөрөнгө биш, гэрэл зургууд бий гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол улсын өнгөрсөн түүхийг сөхөн харах хэлгүй гэрчүүд энэ л авдарт дүүрэн бий.
Хүүхдүүдтэйгээ хамт хөгширсөн ануухан буурай
Ж.Даваасамбуу гуайн гэр бүлийн хүнийг Б.Рэнцэнханд хэмээнэ. Архангай аймгийн уугуул хүн байж. ЗХУ-ийн хэвлэлийн цех-д мэргэжил дээшлүүлсэн эмэгтэй байжээ. Гэр бүлийн хоёр 1955 онд танилцаж, гал голомтоо бадраан дөрвөн хүүхдийн эцэг эх болж, 1957 онд том хүү Д.Даваацэрэн мэндэлжээ.
Том хүү нь АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг бөгөөд өдгөө 59 настай. Удаах охин Д.Улаанаа ЗХУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд эдийн засагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан аж. Удаах хүү Д.Даваадорж алт мөнгөний дархан, бага хүү Д.Даваадорж /Багаа хэмээн дууддаг/ хувийн бизнес эрхэлдэг аж. Хорвоогийн жам ёсоор түүний хань 2007 онд бурхан болсон юмсанж. Өдгөө ач зээ, зээнцэр нийлээд хорь хол давсан өнөр бүлийн тэргүүн Ж.Даваасамбуу гуай хэзээний биеэ оторлон суух дургүй нэгэн
Davaasambuu
Гэр бүлийн хоёр Ж.Даваасамбуу, Б.Рэнцэнханд

Б.Хонгорсайхан

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу