Хамгийн шалиг хүүхэмсэг яст мэлхий маш их секс хийснийхээ хүчинд өөрийн төрлийг устахаас хамгаалсан төдийгүй, гавьяаныхаа амралтад гарахаар болжээ.

Playboy хэмээн хочлогдож буй Диего нь энэ жил 100 настай бөгөөд даалгавраа амжилттай гүйцэтгэсэн учраас түүнийг нутаг руу нь буцааж байгаа юм.

Эргэн сануулахад Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн Диего нэртэй яст мэлхийг Галапагосын арлын нэг хэсэг болох Испанёла дээрх нэн ховордсон аварга яст мэлхийнүүдийг аврах, устахаас сэргийлэхийн тулд тусгайлан “урьж залж” авчирсан гэдэг.

Мань яст мэлхийг арал дээр очих үед ердөө 2 эр, 12 эм яст мэлхий л байсан ажээ. Төрөл зүйл нь устаж үгүй болох аюулд ороод байгаа эгзэгтэй үед очсон Диего ч “ажлаа сайн хийж”, өдгөө тус арал дээрх яст мэлхийний тоо 2,000-д хүрээд байгаа юм. Галапагос арлын үндэсний паркийн ажилтнуудын хэлж буйгаар арал дээр амьдарч байгаа 2000 яст мэлхийний 40 орчим хувь нь Диегогийн бүтээгдэхүүнүүд гэнэ.

Бусдаасаа царайлаг, донжлог төрсөн Диего арлын яст мэлхийнүүдийн тоо толгойг өсгөх, устахаас сэргийлэх хөтөлбөрт өөр бусад 15 яст мэлхийн хамтаар хамрагдсан юм.

Гэхдээ түүнийг хамгийн голлох үүрэг оролцоог гүйцэтгэсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ямартай ч, дэлхийн хамгийн “шалиг” яст мэлхийн ачаар Испанёла арлын аварга яст мэлхийн төрөл зүйл устахаас хамгаалагдаж, тоо толгой нь амжилттай өсч үржиж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу