Өдөрт гурав хүртэл жижиг аяга кофе уух ашигтайг саяхны судалгаа харуулсан бөгөөд энэ ундаа нь миакардын гэмтсэн эсийг сэргээх чадвартайгаа харуулжээ. Тийнхүү мэргэжилтнүүд бие махбодид илүү ашигтайгаар хэрхэн кофе уух тухай цөөн зөвлөмж өгч байна.
Тухайлбал, кофег хэзээ ч өлөн уух хэрэггүй гэдгийг санаж байхыг зөвлөж байна. Кофеин нь хүчтэй сэргээгч бөгөөд хэрвээ хүнснээс энерги гаргах илчлэг авч амжаагүй байгаа биед кофеин орвол, энэ нь ноцтой өөрчлөлт оруулж мэднэ. Жишээлвэл, бодисын солилцоо, дотоод шүүрлийн систем, түүнчилэн хоол боловсруулах эрхтнүүд хохирч болох юм.
Кофенд цөцгийн юмуу кокосын тоо бага зэрэг нэмж өгөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр бие махбодь маш ашигтай тосыг авна. Энэ төрлийн тосонд цусан дахь “муу холестерины” хэмжээг бууруулж, даралтыг хэвийн болгоход туслаж чадах маш ашигтай тос байдаг.
Үүнээс гадна, кофенд синнамон (корица) нэмж өгөх хэрэгтэй. Чөлөөт радикалын молекулаас үүдэлтэй гэмтлээс эсийг хамгаалдаг их хэмжээний антиоксидант синнамонд агуулагддаг байна. Түүнчилэн синнамон нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.
Кофенд сахар хийх зуршлаас татгалзах хэрэгтэй. Шинжээчид сахарыг таван халуун, зөгийн балаар оруулахыг зөвлөж байна. Чихэрлэг кофе биеийн галбирт сөргөөр нөлөөлдөг.
Кофег какаотай хамт уух нь ашигтай бөгөөд ийм хольц нь хүний тархинд очих цусны урсгалыг нэмэгдүүлж, анхаарлын төвлөрлийг сайжируулж, танин мэдэх чадварыг идэвхижүүлдэг байна.
Хамгийн санууштай зүйл нь өдөрт гурваас дээш аяга кофе уух нь сайн гэхээсээ саар нөлөө ихтэй болдог. Таны сэтгэл санаа тогтворгүй болох, гэдэс хэсгээр хийтэй буюу жин багатай хэрнээ гэдэс хэсэг нь төмбийж, жинтэй харагдуулах, амархан уурлаж бухимдах, сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох зэрэг сөрөг нөлөөнүүд гарна.
Үүнээс гадна өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн дунд цэвэршсний дараа, нас ахихын хэрээр яс сийрэгжих өвчин үүсэх магадлал өндөр болохыг судалгаа харуулсныг санаж байхад илүүдэхгүй л болов уу. Ямартаа ч шинжлэх ухаан кофеин нь шээс хөөх үйлчилгээтэй болохыг нотлоод багагүй хугацаа өнгөрч байна. Кофе шээс хөөх үйлчилгээтэй болохоор кальцийн гадагшлуулалтыг хурдасгадаг. Иймд их хэмжээгээр кофе ууж байгаа хүн яс сийрэгжих, хэврэг болох эмгэг тусах эрсдэл өндөртэй болж ирнэ.
Кофенд агуулагддаг бодис нь мөн чанартаа туулга, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үйлчилгээгүй ч кофе уухад тодорхой хэмжээгээр ийм нөлөө үзүүлдэг. Гэхдээ кофенд агуулагддаг 300 гаруй нэр төрлийн органик бодисуудаас яг аль нь ийм нөлөө үзүүлээд байдгийг одоо хүртэл тогтоож чадаагүй байдаг.
Кофений хэрэглээ нь нойр булчирхайн өмөн гэх мэт хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн таамаг байдаг ч батлагдаагүй. Харин кофений хэрэглээ нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталсан байдаг юм.
Даралт өндөртэй, зүрх, бөөрний эмгэгтэй хүмүүс кофег хэрэглээнээсээ бүрэн хассан нь хамгийн зохистой гэдэг.