Өөрсдийгөө эмчилж, эсвэл бүр өвтгөж чадах нь хүн та бид. Амьдралын буруу хэв маяг, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал. Таны хаа нэгтэйгээс сонсож, уншиж байсан зүйл байгаа биз. Үүнээс үүдэн таны эрүүл мэндэд олон сөрөг нөлөө бий болно.

Үүний нэг нь цусны даралт ихсэх өвчин. Үүнийг дэлхий дахинаа хүн төрөлхтний чимээгүй алуурчин ч гэж нэрийддэг. Тархинд цус харвах шалтгааны 64 хувь, зүрхний шигдээсний 49 хувийг даралт ихсэх өвчин үүсгэдэг байна. Насанд хүрсэн 10 хүн тутмын 3 нь давсны хэрэглээ ихтэйгээс болж, цусны даралт ихсэх зовууртай амьдарч байна. Тиймээс үүнийг тоохгүй орхиж үл болно.

Та дээрх эрсдэлээс өөрийгөө төдийгүй өрөөлийг хамгаалах бүрэн боломжтой. Ердөө л эрүүл зөв хооллолт, амьдралын идэвхтэй зөв хэв маяг, дасгал хөдөлгөөн.

Ямар хоол, хүнсийг сонгох вэ?

Та доорх зөвлөмжийг дагаж чадвал таны цусны даралт 8-14 мм муб-аар буурна.

  • Ногоо ИЛҮҮ хэрэглэ
  • Жимс ИЛҮҮ хэрэглэ
  • Ислэг ИЛҮҮ хэрэглэ
  • Ханасан өөх тос БАГА хэрэглэ
  • Ханаагүй өөх тос АХИУ хэрэглэ
  • Давс БАГА хэрэглэ

НОГОО… Төрөл бүрийн хүнсний ногоо нь өөртөө шингэц сайтай, хурдан энерги үүсгэх нүүрс ус, амин дэмээр баялаг байхаас гадна бодисын солилцооны явцад үүссэн хортой бүтээгдэхүүнийг саармагжуулагч байгалийн нэгдлүүдийг агуулдаг. Дээр нь таны биед өөх байдлаар хуримтлагдахгүй.

ЖИМС… Төрөл бүрийн жимс нь хүний бие махбодод үүсдэггүй аминдэм, микро элементүүдийг агуулдгаараа онцлог. Таны бие хөнгөн байна.

ИСЛЭГ гэж юу вэ? Таны гэдсэнд боловсорч, шимэгддэггүй, зөвхөн ургамалд байдаг нүүрс усны нэг төрөл гэж ойлгож болно. Ислэг нь…

  •  Таны гэдэс дотрыг цэвэрлэнэ
  •  Таны илүүдэл өөх тосны шимэгдэлтийг бууруулна
  •  Таны гэдсэнд үүссэн хортой бүтээгдэхүүнийг гадагшлуулна
  •  Таны хоолны шингэцийг сайжруулна
  •  Таныг өтгөн хаталтаас сэргийлнэ

Ислэг агуулсан хүнсний бүтээгдэхүүнд хүнсний хивэг, арвайн гурил, II гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

ХАНАСАН ӨӨХ ТОС…

Өөх тосны химийн найрлагад тосны хүчил, триглицерид гэсэн нэгдлүүд бий. Харин тосны хүчил нь ханасан, ханаагүй гэж хоёр янз байна. Ханасан өөх тос нь…

  •  Судасны ханыг хатууруулна
  •  Цусны даралтыг ихэсгэнэ
  •  Биед хуримтлагддаг
  •  Биеийг өвчний голомт болгоно
  •  Гоо сайхан алдагдуулна
  •  Ажлын чадвар, бүтээмжийг бууруулдаг

Ханасан өөх тос нь үхрийн өөх, хонины өөх, сүү, цагаан идээний тос, өрөм, хайлмаг, цөцгийн тос, гахайн өөх зэрэгт хуримтлагддаг.

ХАНААГҮЙ ӨӨХ ТОС…

  • Танд А, Д, Е, К аминдэмийг өгнө
  • Таны даралтыг бууруулна
  • Таны эд эсийг сэргээнэ
  • Таны цусны урсгалыг сайжруулна
  • Таны архаг, хууч үрэвсэлт өвчнийг намжаахад тусална
  • Гоо сайхныг тань удаан хадгална

Ханаагүй өөх тос нь адууны өөх, тарваганы өөх, загасны тос, наран цэцгийн тос, чацарганы тос, туна, яргай загаст агуулагддаг.

TRANS FAT буюу ЗАВСРЫН ТОС… Энэ нь ургамлын тосыг химийн аргаар устөрөгчөөр баяжуулж гарган авсан хиймэл ханасан тос юм. Үүнийг бид масло, маргарин нэрээр нь сайн мэднэ. Энэ бол хэнд ч хэрэггүй, ашиг тусгүй ХОР.

ДАВС…

  • Цусны даралт ихэсгэнэ
  • Таргалуулна
  • Бөөр чулуужуулна
  • Яс сийрэгжинэ
  • Ходоодны эс хорт хавдрын эс болоход нөлөөлнө

Судалгаагаар хүн өдөрт 9-12 гр давсыг хоол хүнсээрээ дамжуулан иддэг байна. Энэ бүхэн хоол ундны давсаар хязгаарлагддаггүй. Учир нь өдөр тутам иддэг зарим хоол хүнс давсны агууламж өндөртэй байдаг нь давсны хэрэглээг ихэсгэдэг байна.

Та өдөрт нэг цайны халбага буюу 5 гр-аас бага давсыг хоол, хүнсэндээ хэрэглэх ёстой. Та давсыг өмнө нь хэрэглэж байсан хэмжээнээсээ багасгахад давсны амт сул мэт санагдах боловч 2-3 долоо хоногийн дараа таны амт мэдрэх чадвар дасан зохицдог.

ДАВСАРХАГ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

  • Давсалсан самар
  • Майонез
  • Зайдас
  • Утсан мах
  • Төрөл бүрийн хиам
  • Чипс
  • Лаазалсан бүтээгдэхүүнүүд
  • Бяслаг
  • Гоймон
  • Кетчуп
  • Бургер
  • Талх, нарийн боов

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу