Дуучин С.Гантогоо: Аяныхаа орлогоор эмнэлгүүдэд утлагын аппарат хандивлана

695
Duuchin-Gantogoo-01
Дуучин Сэргэлэнгийн Гантогоо

БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй Монгол залуус нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Бид угаартлаа” аян санаачилжээ. Тэд нэгдэж, Улаанбаатар хотын утааны эсрэг дуу хоолойгоо илэрхийлэхээс гадна аянаас олсон орлогоо сайн үйлсэд зарцуулах аж.

Дээрх арга хэмжээний хүрээнд “Бид угаартлаа” бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 20-нд БНСУ-д болсон. Тус тэмцээнд оролцсон “Яг түүн шиг-2” шоуны дэд баярын шагналт, дуучин С.Гантогоотой цахимаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Сайн байна уу. “Бид угаартлаа” сагсан бөмбөгийн бүх оддын тэмцээн хэр болж өнгөрөв?

-Маш сайхан болж өнгөрлөө. БНСУ-д ажиллаж амьдарч, сурч боловсорч буй залуус нэгдэн, спортоор дамжуулж хамтдаа ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулсанд үнэхээр баяртай байна.

Хамгийн гол нь БНСУ-д амьдарч буй залуус маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Улаанбаатар хотынхоо агаарын бохирдлыг эсрэг дуу хоолойгоо нэгтгэн энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа нь хамгийн чухал байлаа.

-Өрсөлдсөн хоёр багт ямар одод орж тоглосон бэ?

-Маш өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Манай “East” баг маань ганцхан онооны зөрүүтэй хожигдсон. Сагсан бөмбөгийн спортын I, II зэрэгтэй үнэхээр мундаг тоглодог өндөр залуус хоорондоо өрсөлдсөн. Нийт 32 тоглогч тоглосон. Тэр дундаас би хамгийн намхан нь байсан байх.

Эсрэг багийн бүрэлдэхүүнд БНСУ-д Холимог тулааны “Road FC” холбоонд тулалдаж буй Монголын тамирчин М.Нандин-Эрдэнэ багтсан. Спортын хүн болохоор маш сайн тоглосон.

-Тоглолтын орлогыг сайн үйлсийн аянд хандивлах уу?

-Тийм. Тэмцээний үзвэрийн билет 5000 вон байсан. БНСУ-д байгаа Монгол залуусын сайн үйлсийн аян цаашдаа ч үргэлжилнэ. Мөн аяны бүх орлогоор утлагын аппарат авч утааны голомт болох Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүд болон тус дүүрэгт баригдаж буй хүүхдийн эмнэлэгт хандивлах юм билээ. Энэ тэмцээний зохион байгуулагч, шүүгч Г.Жаргалан ажил хийж байхдаа хөлөө гэмтээж, хугалсан ч таяг тулж ирээд тэмцээнээ шүүсэн. Түүнийг хараад сэтгэл маш их хөдөлсөн.

-Та өөрийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач. Энэ онд ямар шинэ бүтээлээр сонсогч, үзэгчиддээ бэлэг барих вэ?

-Энэ жил анхны цомгоо гаргах зорилт тавьж, цомгийнхоо ажилд ханцуй шамлан орсон. БНСУ-д клипнийхээ зураг авалтыг хийхээр ирсэн. Шинэ уран бүтээлээ удахгүй хүргэхээр ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу