Гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй!

880
niigmiin-daatgal
Гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй!

2020 оноос мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтөөр даатгуулсан хэлбэрээс үл хамааран жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бүтэн авдаг болсон. Ингэснээр сайн дураар даатгуулсан эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэмжээг 100 хувь болгон нэмэгдүүлсэн.

Өмнө нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг түүний хөдөлмөрийн хөлсний хөлс түүнтэй адилтгах орлогоос 70 хувь тооцож байсныг 30 хувиар нэмэгдүүлсэн юм. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эх багадаа 12 сар шимтгэл төлсөн, сүүлийн зургаан сар тасралтгүй төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Мөн хүүхдээ харж асарч буй гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй болсон. Хүүхдийг гурван нас хүртэл эхийн сүүгээр хооллох, өсгөж хүмүүжүүлэх нь олон давуу талтай байдаг. Наад захын жишээ дурдахад хүүхэд ханиад томуу тусах нь бага. Тиймээс ээжүүдийн дийлэнх нь хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөн хүмүүжүүлэхийг илүүд үздэг. Энэ нь нэг талаараа ажил хөдөлмөр эрхлэхгүй гэсэн үг. Тэгвэл гурван нас хүртэл хүүхдээ өөрийн биеэр асарч, бойжуулж буй ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг таслахгүй байх зохицуулалтыг дээрх хуульд оруулсан. Ингэснээр ээжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа таслахгүйгээр хүүхдээ гурван нас хүртэл нь асрах боломжтой.

Тодруулбал, Сайн дураар даатгуулсан эх хүүхэд төрүүлээд гурван нас хүртэл асрах бол энэ хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө төлнө.

Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр жил төлж байсныг гурван жил төлөхөөр болгосон.

Харин ажил эрхэлдэггүй, сайн дураар даатгуулаагүй ээж хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувийг төр хариуцах бол, 50 хувийг нь тухайн эх өөрөө төлнө.

Ташрамд дуулгахад, хуулийн дээрх заалтууд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу