Дэлхийг өөрчилсөн 10 нээлт…

654

Хүн төрөлхтөн бий болоод харьцангуй богино хугацаанд амьдарсан ч (манай дэлхийн нас 4.5 тэрбум жил) маш олон нээлт хийж чаджээ. Тэдгээрээс хүн төрөлхтний дэвшил хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулсан арван нээлтийг танилцуулж байна.

10. ДУГУЙ

Манай эриний өмнөх 3,500 жилийн өмнө хүмүүс их хэмжээний ачааг хуурай замаар хол зайнд тээвэрлэж чаддаггүй байжээ. Уг нь дугуйг бүтээх нь өөрөө тийм хэцүү ажил биш ч эргэлдэх дугуй биетийг үл хөдлөх биеттэй холбох холбоосны асуудал нь хамгийн хэцүү байсан гэдэг.

Гэвч дугуй ба тэрэгний гол гэсэн харьцааг, хамаарлыг олж нээж чадсанаар хүмүүс хол замд ачаа тээвэрлэх чадвартай болж худалдаа, эдийн засаг эрс хурдацтай хөгжжээ.

 

9. ХАДААС

Хадаасгүйгээр соёл иргэншил сүйрэх байсан гэдэг. Хадаасыг Эртний Ромын цаг үеэс 2,000 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ нь металлыг боловсруулж, хэлбэрт оруулж чадах болсны үр дүн байв.

Үүнээс өмнө модон бүтцүүдийг геометрийн хувьд тэгш хамааралтай холбоос, түгжээнүүдээр угсардаг байсан нь барилга байгууламж босгохыг хүнд нарийн түвэгтэй ажил болгож байжээ.

Сүүлд 1790-1800-аад оны үед хадаасыг бөөнөөр үйлдвэрлэх машин бий болсон гэнэ.

 

8. ЛУУЖИН

Эртний далайчид одны байрлалаар зүг чигээ олдог байсан тул өдрийн цагаар, үүл манантай үед аялах боломжгүй байсан бөгөөд далайгаар аялах нь аюултайд тооцогдож эх газраас төдийлөн холдож чаддаггүй байжээ.

Анхны луужинг 9-11 дүгээр зууны үед Хятадууд зохион бүтээсэн байна. Анхны луужинг тэд төмрийн агууламжтай чулуун хавтан, соронзтой төмрийн хүдэр зэргээр бүтээсэн байжээ.

Удалгүй энэ технологи далайгаар дамжин Европ, Арабт хүрсэн байна. Үүний үр дүнд хүмүүс далайд илүү хол аялах болж газар зүйн их нээлтийн эринийг эхлүүлжээ.

 

7. ХЭВЛЭХ ТЕХНОЛОГИ

1440 оны үед Германы Иохан Гутенберг анхны хэвлэх машиныг зохион бүтээв. Үүнээс өмнө барлаж хэвлэх аргыг Хятадууд нээсэн байсан юм. Харин Гутенбергийн технологи ном хэвлэх, эх бэлдэх зэрэг үйл явцыг илүү механикжуулж өгснөөр хурдтайгаар олон хувийг хэвлэн гаргах боломжтой болов.

Ингэснээр дэлхий дахинд мэдлэг түгээх явц эрчимжиж хөгжилд том хувь нэмэр оруулсан гэдэг. 1500-аад оны үед Баруун Европт 20 сая ном хэвлэгдээд байсан нь үүнийг харуулж байна.

Энэ нээлтийн үр дүнд Мартин Лютерийн загалмайтны шашныг шинэчлэх суртал ном олон зуун мянган хувь тарснаас Протестант шинэтгэл эхэлсэн юм.

 

6. ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮР

Химийн энергийг механик хүч болгон хувиргах энэхүү хөдөлгүүрийг нээснээр аж үйлдвэржилт эрчимжихэд чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Олон үеийн зохион бүтээгч нар дотоод шаталтын хөдөлгүүрийг боловсронгуй болгосоор 19 дүгээр зууны сүүлийн хагаст орчин үеийн хэлбэртээ оржээ.

Мэдээж үүний үр дүнд автомашин, онгоц гээд олон тээврийн хэрэгсэл бий болсон юм.

 

5. ТЕЛЕФОН

Ижил цаг үед олон тооны зохион бүтээгч нар телефон утсыг санаачилсан гэдэг ч Александр Грахэм Белл 1876 онд хамгийн түрүүнд оюуны өмчийн гэрчилгээ авсан тул түүнийг бүтээсэн гэж үздэг.

Белл энэ санааг сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг байхдаа бодож олсон гэдэг бөгөөд анхны телефоноо “цахилгаан яригч машин” гэж нэрлэж байв.

Нээлт тэр дороо хүчтэй дэлгэрч дэлхий нийтийн холбоо харилцаанд том дэвшил авчирсан юм. 1922 оны наймдугаар сарын 2-нд Беллийг нас барахад АНУ-ын телефон холбооны үйлчилгээ нэг минут зогсож хүндэтгэл үзүүлсэн гэдэг.

 

4. ГЭРЛИЙН ЧИЙДЭН

Үүнийг нээгдэхээс өмнө хүн төрөлхтний бүтээмж нарны гэрлээр хязгаарлагддаг байв. Харин гэрлийн чийдэн бий болсноор шөнө ч гэсэн амьдрал үргэлжилдэг болсон нь гайхамшиг. 1800-аад оны үед хоёр ч хүн энэхүү улайсдаг гэрлийн чийдэнг зохион бүтээсэн гэдэг. 1879 онд бүтээсэн Томас Эдисоныг гол зохион бүтээгч нь гэж үздэг. Учир нь тэр зөвхөн чийдэн биш генератор, холбогч утас гээд цогцоор нь бүтээл бий болгосон юм.

Үүний үр дүнд хүмүүс урьд нь шөнийн турш унтаж өнгөрөөдөг байснаа өнөөдөр 7-8 цаг л унтдаг болжээ.

 

3. ПЕНЦИЛЛИНЬ

Анх 1928 онд Шотландын эрдэмтэн Александр Флеминг лабораторид пенициллиний санааг туршилтаар бий болгожээ.

Сүүлд түүний нээлтийг амьдралд нэвтрүүлснээр хүн төрөлхтөн асар олон тооны бактерийн халдвараас хамгаалагдах болсон юм.

1944 онд пенициллинийг анх удаа бөөнөөр үйлдвэрлэжээ.

 

2. ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ

Жирэмслэлтээс хамгаалах эм, бэлгэвч зэрэг нь манай дэлхий дээр сексийн хувьсгал гарахад хүргэсэн нээлт юм.

Ингэснээр хүмүүс загас наадуулахыг үржих үйл явц бус таашаал гэдэг утгаар нь илүү харах болсон. Бас төрөлтийн тоо ч хөгжингүй ертөнцөд буурсан байна. Ингэснээр орчин үеийн гэр бүлүүд амьралын өндөр стандарттай болж, хүүхэд нэг бүртээ тавих анхаарал нь илүү сайжирчээ. Мөн бэлгэвч нь төрөл бүрийн бэлгийн замын өвчнийг хязгаарлаж байгаа.

Байгалийн, ургамлын гаралтай уламжлалт хамгаалах арга нь хэдэн мянганы түүхтэй. Харин анхны бэлгэвч 18 дугаар зуунд бий болж байсан бол 1930-аад оны үед жирэмслэлтээс хамгаалах анхны эм гарч байжээ.

Түүнийг химич Рассель Маркер гэгч бүтээж байсан гэнэ.

 

1. ИНТЕРНЭТ

Үүнийг ач холбогдлыг дурдах нь илүүц хэрэг. Компьютерүүдийн нэгдсэн сүлжээ өнөөдөр хэдэн тэрбум хүнийг хооронд нь холбож байна. Интернэт сүлжээг нээсэн гол хүнээр судлаач Лоренс Робертсыг нэрлэдэг. 1960-аад оны үед АНУ-ын батлан хамгаалах яамны ARPA (Advanced Research Projects Agency) нэгжид тэр ажиллаж байхдаа ARPANET гэх компьютер хоорондын харилцах сүлжээг зохион бүтээсэн юм.

Энэ мэдээлэл дамжих арга нь түүний бүтээсэн “packet switching” загвар дээр тулгуурлан бий болжээ. ARPANET бол одоогийн интернэтийн эцэг нь юм.

 

Эх сурвалж: LiveScience

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу