САЙН МЭДЭЭ: Сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

1103
surguuliin-autobus-2019
Сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргаж байна.

~Сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ~

Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд дээрх автобусуудыг хаягжуулан, хяналтын төхөөрөмж суурилуулж, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлыг хийжээ. Энэ ажлыг эхлүүлснээр хотын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн хүүхдээ хэдэн цагаас ямар буудлаас тосож авах талаар Нийслэлийн боловсролын газраар дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Сурагчдыг тээвэрлэхээс гадна уг автобусанд ухаалаг системийг нэвтрүүлсэн учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана яваа, давтлага сургуулиасаа хоцорсон эсэх гэх мэт мэдээллийг хянах боломжтой аж.

Мөн энэ үеэр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хяналтын өрөөнийхөө онлайн камерийн үйл ажиллагааг хотын Захирагчид танилцуулав. Тус газрын үйлчилгээнд явж буй бүх автобус онлайн камертай, жолооч болон үйлчлүүлэгчдийн үйл ажиллагааг бүрэн хянаж байдаг байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу