Урлагийн авьяас удамшиж, үе улирдгийг харуулсан АХ, ДҮҮС

1007
Tuwshinsaikhan-delgersaikhan
Урлагийн авьяас удамшиж, үе улирдгийг харуулсан АХ, ДҮҮС

      Урлагийн авьяас удамшиж, үе улирдгийг ах дүү авьяастнуудаас харж болохоор. Тэд зөвхөн урлагт хайртай сэтгэлээр өөрийн эрхгүй энэ ертөнцөд шунан дурладаг биз ээ. Тэр бүр хүмүүсийн мэддэггүй ах дүүсийг онцолж байна.

Д.Түвшинсайхан Д.Жавхаасайхан

Монгол Улсын Морин Хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч СТА Д.Түвшинсайхан, уртын дуучин Д.Жавхаасайхан хоёрыг төрсөн ах дүү гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. Монголын язгуур урлагт өөрийн гэсэн орон зайгаа тодоор үлдээж яваа ах дүү хоёрын нэг нь хөгжмийн найруулагч, нөгөө нь уртын дууч. “Эр бор харцага”-ыг эр хийморьтойхон хангинуулдаг Д.Жавхаасайханыг нийтийн дууны Юндэн хэмээн үе тэнгийнхэн нь цаашлуулдаг. Үнэхээр ч нүд хөмсөг, нуруу туруу тэгш сайхан дуучин эрийн гэргий “Шуранхай”-н Үүрийнтуяа. Тэгвэл ах Д.Түвшинсайхан нь даруу төлөв зан нь дийлсэн ясны уран бүтээлч. Хөдөө нутгаас хөтлөлцөн ирж, бор зүрхээрээ, авьяасаараа урлагийн ертөнцөд орон зайгаа тэлж яваа ах дүү хоёрт улам их амжилт хүсье.

Б.Мөнхдорж Б.Мөнхболд

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваагийн хөвгүүд уран бүтээлээрээ аавынхаа нэрийг өндөрт өргөж, Монголын урлагт бадраасан галыг нь манасаар яваа. Том хүү, Ардын жүжигчин Б.Мөнхдорж “Отелло”, “Ээдрээ”, “Саран хөхөө” гээд тоо томшгүй олон жүжгийг театрын тайзнаа амилуулсан чадалтай найруулагчдын нэг. Төрсөн дүү Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтойгоо хамтран “Шар тэнгисийн тарчлаан ” дуулалт жүжгийг амилуулж, DVD болгосон. Ах дүү хоёул төрийн дээд шагнал авч, аавынхаа хийж амжаагүйг гүйцээж яваа нь үртэй хүн үхдэггүй гэдгийн жишээ гэлтэй.

~Урлагийн авьяас удамшиж, үе улирдгийг харуулсан АХ, ДҮҮС~

Г.Эрдэнэбаатар Г.Золбоот

Дуурийн театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт ээ гарсан Г.Эрдэнэбаатар хэмээх энэ эрхэм дэндүү даруу нэгэн. Сонгодог театрын цорын ганц найруулагч. Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-д суралцаж, дуурийн найруулагч мэргэжил эзэмшсэн тэрээр жүжигчин Г.Золбоотын төрсөн ах гэнэ. Дүү нь хошин урлагт хүчин зүтгэж олонд алдаршиж амжсан бол ах нь авьяас мэдлэг зузаан хэрнэ хөшигний ард амьдардаг нь урлагийн төрөл жанарын онцлог гэлтэй.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу