Монголын жүдо бөхийн ерөнхий нарийн бичгийн даргад Б.Ууганбаатар томилогдов

914
judo-uuganbaatar
Монголын жүдо бөхийн ерөнхий нарийн бичгийн даргад Б.Ууганбаатар томилогдов

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга холбооныхоо шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ууганбаатарыг томилжээ.

Б.Ууганбаатар нь 1971 оны гуравдугаар сарын 18-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд мэндэлжээ.

1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.

12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш “Буурал” хэмээх Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэнд хичээллэн, улмаар өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв.

~Монголын жүдо бөхийн ерөнхий нарийн бичгийн даргад Б.Ууганбаатар томилогдов~

Мөн гавъяат багш Д.Баатаржавын “Харцага” клубт 1989-1993 оны хооронд хичээллэж байсан юм.

Харин 2000-2007 онд “Аварга” дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар хүчин зүтгэж байв.

Монгол-Лаосын Үндэсний олимпийн хорооны хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажилласан түүхтэй.

2000 оноос шүүгчийн замналаа эхэлж, 2003 онд олон улсын шүүгчийн болзлыг ханган “Инчён-2014” Азийн наадам, залуучуудын АШТ зэрэг хорь шахам олон улсын тэмцээнд шүүгчээр уригдаж байлаа.

Жүдогийн хамт олныхоо дунд “Сахал Уугаа” хэмээгдсэн спортын мастер, “Алтан гадас” одонт тэрбээр эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг.

Түүний энэхүү хүлээн авч буй ажлыг өмнө нь Машбатын Бөхбат хариуцаж байсан бол түүнээс өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, Ч.Насантогтох, Г.Жадамба, Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар гүйцэтгэж байв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу