Нислэгээр ирэх Монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй гэв

697
elchin-said-coronavirus
Нислэгээр ирэх Монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй гэв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр /2020-03-12/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар COVID-19 коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв.

Чингэхдээ манай Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулахад Солонгосын талын дэмжлэгийг хүслээ. Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг үнэлэхийн сацуу БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан Монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж ажилласныг мэдэгдлээ.

Одоогийн байдлаар БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадны болон дотоодын иргэдийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарлав. Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, 3 үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг харилцан адил байх зарчмын дагуу нааштай шийдвэрлэхийн төлөө байгаа гэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу