УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Мөнхбат томилогдов

372

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Т.Доржханд, Д.Өнөрболор Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт аван, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн Ж.Мөнхбатыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиин төслийг хэлэлцэхэд Байнгын хороо анхаарч ажиллах ёстойг захилаа. Мөн Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй даган ажиллаж, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажилахыг анхааруулав.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,6 хувь нь дэмжив.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу