ЧУУЛГАН: Цагаан сарын шинийн 14-нд морь уралдуулахыг зөвшөөрнө

811
chuulgan
Цагаан сарын шинийн 14-нд морь уралдуулахыг зөвшөөрнө

УИХ-ын чуулганы /2019-12-05/-ий өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох тохиолдол гардаг. Мөн Үндэсний их баяр наадамд уясан морь нь түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь цолны үнэлэмжийг бууруулж байгаа юм. Дээрх асуудлыг шийдвэрлэхээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар өргөн мэдүүлжээ.

Хуулийн төсөлд дээрх асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтаас гадна унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хурдан морь унах нас, морь дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ. Мөн өвөл, хавар болдог уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн тавдугаар сарын 1-нийг хүртэл шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглохоор тусгасан байна. Гэхдээ зөвхөн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх аж.

~Цагаан сарын шинийн 14-нд морь уралдуулахыг зөвшөөрнө~

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдаан зохион байгуулахаар хуульд товыг нь тодорхой зааж өгөх нь ямар ач холбогдолтойг асуув. Мөн цаг агаарын хүнд нөхцөлтэй байвал хэрхэх талаар тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Богд хаант Монгол Улсын үед цагаан сарын шинийн 14-нд ном хурж дууссанаа тэмдэглэж, “Ерөөл өргөх” уралдаан зохион байгуулдаг байсан. 21 аймгийн 330 сумаас ирсэн уяачдын холбооны 700 төлөөлөгч энэ саналыг гаргасан. Гэхдээ ажлын баг дээрх асуудлыг нягтлан хэлэлцэнэ гэлээ.

Ажлын багаас, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хурдан морины уралдаан зохион байгуулах дүрэмд нарийвчлан тусгах боломжтойг тайлбарлалаа. Мөн УИХ-ын гишүүн М.Билэгт, А.Сүхбат гишүүний асуултад хариулахдаа, унаач хүүхдийн хувьд насны доод хязгаарыг 14 гэж заасан. Энэ нь Морин спорт, уяачдын холбооны уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал. Тодруулбал, ГССҮТ-өөс авсан мэдээнээс судлахад, 12-оос доош насны хүүхэд хурдан морины уралдаанд бэртэл авах нь их байгаа нь ажиглагдсан гэв.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу