ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гаригт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх комиссын хуралд оролцох үеэрээ “Намайг Кремлийн тэргүүн байх хугацаандаа ижил хүйстний гэрлэлтийг хэзээ ч хуульчлахгүй” гэж мэдэгдсэн байна.
Тэрээр “Би уламжлалт болон уламжлалт бус гэрлэлтийн талаарх хувилбаруудыг Үндсэн хуульд тусгах асуудлаар өмнө нь олон нийтэд үзэл бодлоо хуваалцсан. Дахин давтан хэлье. Намайг ерөнхийлөгч байгаа цагт ийм зүйл болохгүй” гэсэн юм.
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүнээр 20 жилийн турш ажиллахдаа Ортодокс шашинтай нягт уялдаатай байсаар ирсэн бөгөөд ижил хүйстний гэрлэлтийг дэмжих зэрэг барууны либериал үнэт зүйлсээс Орос улсыг хол байлгах арга замуудыг эрэлхийлсээр ирсэн билээ.
Харин тэрээр өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорон, Төрийн Дум энэхүү ажлыг батламжилсан нь Оросын барууны либериал үзэлт улс төрийн хүчнүүдийн хувьд ижил хүйстний гэрлэлтийг Үндсэн хуульд тусгах том боломж болж ирсэн юм. Гэсэн ч тус улсын эрх баригчдын зүгээс хосуудын гэрлэлтийг тодорхойлохдоо зөвхөн эрэгтэй-эмэгтэй хүмүүсийн харилцаа гэж Үндсэн хуульд тодотгон оруулах тухай санал гаргаад буй.
ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн пүрэв гаригийн хурлаар үүнээс чухал асуудал яригдсан нь Ерөнхийлөгч Владимир Путины зүгээс ОХУ-ын газар нутгийн аль нэг хэсгийг гаднын улсад эргүүлэн өгөх асуудлыг Үндсэн хуулиар хоргилох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн явдал байв. Хэрэв энэхүү санал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдвэл ОХУ-тай газар нутгийн маргаантай байгаа Украин болон Японы эрх баригчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй.
Учир нь ОХУ нь 2014 онд Крымийн хойгийг өөрсдийн түүхэн газар нутаг гэж үзэн, тэнд оршин сууж буй Орос иргэдийг хамгаалах үүднээс Украинаас тусгаарласан. Энэхүү асуудал нь ОХУ болон Европын холбоо, АНУ, Их Британи тэргүүтэй барууны ертөнцийн дундах өнөөгийн хүйтэн харилцааны суурь болсон билээ. Харин Дэлхийн II дайны төгсгөлд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын удирдагч Иосеф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Ялтын гэрээгээр Курилийн арлууд, Сахалины өмнөд хэсэг болон түүнтэй зэргэлдээ орших арлуудыг Японоос хураан авсан нь өнөөг хүртэл газар нутгийн маргаан дагуулсаар ирсэн.
Энэ талаар Владимир Путин “Бид энэ асуудлын хүрээнд тодорхой асуудлаар түншүүдтэйгээ яриа хэлэлцээр хийж байгаа. Гэсэн ч надад энэ санаа таалагдаж байна. Тиймээс энэ асуудлыг зөв зүйтэй байдлаар боловсруулах чиглэлд хуульчдад заавар, чиглэл өгөх хэрэгтэй” гэжээ.