ХБНГУ-ын Хессе мужийн Сангийн сайд Томас Шейфер бямба гаригт Германы Франкфуртээс Кёльн хот орох хурдны төмөр замын ойролцоо нас барсан байдалтай олдсон байна. Висбаден хотын прокурорын газрын зүгээс 54 настай улстөрч амиа хорлож нас барсан талаар мэдэгдсэн юм.

Хессе мужийн захирагч Волкер Буфер ням гаригт энэ талаар “Улс төрийн карьер нь өсөж явсан чадварлаг консерватив намын гишүүний амиа хорлолтын шалтгаан нь коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн хямралтай шууд холбоотой” гэсэн юм. Тэрээр “Томас Шейфер 2010 оноос хойш Хессе мужийн Сангийн сайдаар ажилласан. Би түүнийг удаан хугацааны турш ирээдүйн мужийн захирагч болох чадвартай улстөрч гэж хардаг байлаа. Томас коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зорьж, шаргуу ажиллаж байсан. Тэрээр Германы санхүүгийн төв болох Франкфурт хотын бизнесийн орчин болон Германы хамгийн том нисэх буудал болох Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тогтвортой байлгахын төлөө чадах бүхнээ дайчлан ажилласан. Харамсалтай нь тэрээр коронавирусийн улмаас бий болсон эдийн засгийн хямралаас болж цөхрөнгөө барсан. Түүний хувьд улс орны хувь заяа яригдах санхүүгийн тогтолцоог хамгаалах ажилд анхаарал хандуулахтай зэрэгцэн олон нийтийн хүлээлтэд хүрч чадах эсэх нь хамгийн том айдас байсан. Тэдгээр айдас нь түүнийг дийлжээ гэж би бодож байна. Тэр гарах гарцыг олж хараагүй нь лавтай. Тэрээр сэтгэлээр унаж, биднийг орхин одлоо” гэсэн юм.

Томас Шейфер нь ирэх онд болох Европ тивийн хамгийн чинээлэг мужуудын нэг болох Германы Хессе мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай улстөрчөөр нэрлэгдэж байв. Германы улс төрийн хүрээнд түүнийг сөрөг хүчин Консерватив нам дотроо эрх баригч Христийн ардчилсан намын дарга, Канцлер Ангела Меркельтэй ирээдүйд өрсөлдөх хамгийн хүчтэй, залуу улстөрч гэж үзэж байжээ. Тэрээр сүүлийн хэдэн долоо хоногийн турш Германы санхүүгийн төв болсон Хессе муж болон Франкфурт хотын бизнесийн орчныг тогтвортой чигээр нь хадгалан үлдэж, гүн хямралд оруулахгүй байхын тулд өөдрөг үзэлтэй байх ёстой талаар үргэлж ярьж байжээ. Томас Шейфер өнгөрөгч долоо хоногт “Бид энэхүү хямралаас иргэд болон бизнесүүдийг аль болох бага хохирлоор авч гаран, тэднийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ёстой. Бидэнд үүнийг хийх боломж өндөр харагдаж байна” гэсэн байна.

“COVID-19” цар тахлын дэгдэлтийн улмаас Герман улсын ДНБ энэ онд 7.2-оос 20.6 хувиар буурах тооцоог Мюнхенд төвтэй “Ifo Think Tank” судалгааны хүрээлэн танилцуулсан. Германы эдийн засагчид эдийн засгийн хямралын хэмжээ нь 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралтай дүйж очих бөгөөд алдагдлыг нөхөхийн тулд дор хаяж 1.5-3 жилийн хугацаа шаардлагатай гэж буй.

Герман улсын хэмжээнд даваа гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 62435 тохиолдол, 541 нас баралт бүртгэгдээд байна.

Эх сурвалж: Deutsche Welle, Euractiv, Canoe, Aljazeera  

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу