Г.Сүндэрмаа: Төрсний дараах сэтгэл зүйг сайтар бэлд…

Duuchin-Sundermaa-01
дуучин СТА Г.Сүндэрмаа

    Рок, поп урлагийн ертөнцөд арилшгүй орон зайг бий болгосон охидын хамтлаг бол яах аргагүй “Sweetymotion” . Арван дөрвөн насандаа урлагт хөл тавьсан авьяаслаг охин эрүүл амьдралыг эрхэмлэж, урлаг, дасгал хоёрыг төдийгөөс өдий хүртэл төгс хослуулсаар иржээ. Энэ үзэсгэлэнт бүсгүй бол СТА, дуучин Г.Сүндэрмаа юм.

Тэрээр өөрийн Хоббигоо ажил хэрэг болгож Бодибилдингийн спортоор хичээллэж амжилт гарган, олон мянган ээжүүд, охид бүсгүйчүүдийг гоолиг сайхан байлгахад үлгэрлэж яваа билээ. 

Нэр: Гэндэн овогтой Сүндэрмаа

Эрхэлдэг ажил: “Sweetymotion” хамтлагийн дуучин

Сошиал хуудсууд:

FB: sundermaa.emotion

IG: sundermaa

Танд өдрийн мэнд хүргье. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. “SWEETYMOTION” хамтлаг охидын нөхөрлөлийн үнэнч жишээ мэт санагддаг ?

Маш их баярлалаа. Бид хамтлаг болон нэгдсэн цагаасаа л хамт амьдарч эхэлсэн. Охидын хамтын амьдрал үнэхээр гоё. Бүх л зүйлийг хамтдаа хийнэ /гэр цэвэрлэх, хоол хийх, хичээлээ давтах, хөгжмөө тоглох гэх мэт/. Тухайн үед Сарнайгийн маань эгч бидэнд Синди Кроуфордын дасгалын DVD өгсөн юм. Бид өглөө 6 цагт босож, дасгал сургуулилтаа хийдэг байлаа.

Хамтдаа уйлж, хамтдаа инээсэн мөч бүхэн бидний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэгэн хэсэг. Хэцүү үед бие биенээ түшиж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгнө. Одоо бол төрсөн эгч дүүсээс ялгаагүй болж, хэн хэнийхээ сайн муу зан чанарыг мэдэлцчихсэн. Үг дуугарахгүйгээр хүртэл ойлголцоно шүү /инээв/.

Урлагийн төлөө хүчин зүтгэж явсан эмэгтэй ЭЭЖ боллоо. Эх хүний хариуцлагаа хэрхэн ухамсарладаг бол?

Эх хүн болно гэдэг үгээр хэлэхийн аргагүй, энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж. Энэ торгон мэдрэмж эмэгтэй хүн бүхний хайраас ундарч байдаг. Үртэй болсноо анх мэдэх, тээх, хөдөлж буйг нь мэдрэх, төрөхөө хүлээх гээд эдгээр нь амьдралыг гайхамшигтай болгодог юм шиг. Үр хүүхдэдээ “Ээж” хэмээн дуудуулах нь өндөр хариуцлагыг үүрч байна гэж ойлгодог.

Эрүүл чийрэг, зөв галбиртай байхад дасгал, хөдөлгөөн хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

Миний хувьд дасгал хөдөлгөөнийг 14 настай байх үеэсээ л хийж, бага ч гэсэн туршлага хуримтлуулсан болов уу. Эмэгтэй хүн бүр гоё сайхан байж, өөртөө сэтгэл хангалуун, эрүүл үзэсгэлэнтэй байгаасай хэмээн боддог. Хүүхэд төрүүлж амьдралдаа аз жаргал нэмдэг хэдий ч, төрсөн ээжүүдийн бие махбодод тодорхой хэмжээний өөрчлөлтүүд аяндаа үүсдэг юм шүү.

Төрсөн эмэгтэйчүүдэд та юу гэж зөвлөх вэ? Дасгал хөдөлгөөн хийж эхлэхээс өмнө сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал юм шиг?

Зөв асуулт байна. Төрсөн бүсгүйчүүдийн хувьд хүүхдээ төрүүлээд, хоёр сарын дараа дасгал хөдөлгөөн хийж эхлэх хэрэгтэй. Энэ хугацаанд сэтгэл санаагаа тайван байлгаж, чанартай хоол хүнс хэрэглэн, элдэв зүйлд санаа зоволгүй байх нь хамгаас чухал.

Duuchin-Sundermaa

Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний Бикини төрөлд Мөнгөн медаль хзртсэн юм

Гэдэс суларч, хөх унжиж, биеийн зарим хэсгээр язралт өгч, жин нэмэгддэг. Энэ асуудал зөвхөн танд биш бүх бүсгүйчүүдэд тохиолддог. Үүнд эмзэглэж сэтгэл санаагаар унаж болохгүй юм.

Хүүхдээ тээж байх явцдаа эрүүл хүнс хэрэглэн, аль болох хөдөлгөөнтэй байж, жирэмсэн байхдаа жин нэмэхгүй байх нь төрсний дараа жин хасахад хялбар байдаг.

Үүнээс гадна нэг чухал зүйл нь “Булчингийн салалт” хэмээх зүйл юм. Ураг гэдсэнд бүрэлдэн томрох явцад гэдэсний булчин аажмаар салж, тэлж байдаг. Үүнийг төрсний дараагаар аль болох түргэн хугацаанд буцааж нийлүүлэх нь чухал.

Охид бүсгүйчүүд маань энэ талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг шиг. Нялх хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүдэд гадуур фитнесс, жим-д явах цаг зав үнэндээ хомс. Тиймээс гэрийн нөхцөлд “Булчингийн салалт” буюу хэвлий хэсгийн сулрал хэмээх зүйлийг дасгал хөдөлгөөний тусламжтайгаар богино хугацаанд агшааж, үр дүнд хүрч болно.

Олны нүдэнд ил байдаг эмэгтэй хүн бүр гоо сайханд илүүтэй анхаардаг шүү дээ. Таны хувьд эрүүл мэндийг илүүтэй чухалчилж байгаа юм шиг санагдлаа?

Тийм. Олны танил гэлтгүй эмэгтэй хүн бүр өөрсдийн гоо сайханд анхаарал тавих нь зүйн хэрэг. Үс зүс, арьс арчилгаа, хумс хуруу гээд л бидэнд анхаарал тавих олон асуудал бий. Түүний сацуу хүнд эрүүл амьдралын хэв маяг хамгийн том гоо сайхан юм болов уу. Үүнд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн маш чухал. Миний хувьд жимс, хүнсний ногоо, уураг ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гурил болон гурилан бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй. Өдрийн хоёроос доошгүй цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг.

Та өөрийн цахим хуудсаараа дамжуулж маш олон бүсгүйчүүдэд хэрэгтэй зөвлөгөөг хүргэдэг. Чин сэтгэлийн талархлын үг их сонсдог биз?

“Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ” гэсэн сайхан үг санаанд орлоо. Охид бүсгүйчүүд минь гоё сайхан байгаасай, эрүүл чийрэг бие бялдраар өөрийгөө чимээсэй гэсэн хөдөлмөр зүтгэлийн минь хариуд, тэд чин сэтгэлийн талархлын үг, үр дүнгээ харьцуулсан зураг, урмын үгийг ихээр илгээдэг.“Үүнээс илүү өөр юу хийж болох бол” гэсэн санаа сэдлийг урмын үгээрээ дамжуулан илгээдэг нийт бүсгүйчүүддээ маш их баярлаж явдаг юм шүү.

Охид, эмэгтэйчүүддээ нэгэн сайхан уриалга хэлээд ярилцлагаа өндөрлөе ?

Өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл зөвлөгөө өгч эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд маш олон бүсгүйчүүд надад хандсан байдаг. Хамгийн гол нь зөвлөгөө зөвлөмжийг уншаад өнгөрөх биш, өөртөө хэрэгжүүлж, бие бялдраа эрүүл чийрэг байлгаарай хэмээн бүсгүйчүүддээ уриалж байна.