- Мөнгөн давалгаа хаяалсан
- Мөрөн голын минь урсгал
- Мөнх цаст Алтайн сугаас
- Мяралзан урсах нь бахдалтай… хэмээн эхэлдэг “Тунгалаг буянт” дуу монголчуудын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр 65 дахь жилтэйгээ золгож байна.
Ховд нутгаар овоглосон олон мянган хүмүүс төрөлх нутагтаа, бас эх орныхоо дөрвөн зүгт ажиллаж, толгой дээгүүр, ажлын амт шимтийг мэдэрч, нэр алдраа дуурсгаж яваа билээ. Үүний нэгэн том төлөөлөл болсон халуун ам бүлд зочиллоо. Монгол Улсын Гавьяат багш С.Базарын гэр бүлийг танд дэлгэе.
Тэрээр 1942 онд Сэдийн гуравдагч хүү болж, Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан гол Гэрлээчийн мухар хэмээх газар төржээ. Түүний аавыг Сэд, ээжийг Норжмаа гэдэг. Энгийн нэгэн хөдөлмөрч улс байсан юм. С.Базар багшийн спортын амьдрал бага наснаас эхлэлтэй. Гуравдугаар ангид байхдаа л аймгийн хүүхдийн барилдаанд түрүүлж, зургаадугаар ангиас эхлэн аймгийн болон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцдог байж.Түүний спорттой амьдралаа хо
лбосон түүх их сонин. Хаана л ямар спортын наадам болно, тэнд л гүйж явдаг хөдөлгөөнтэй хүү байж. н.Цэндсүрэн гэж мундаг тамирчин, бяцхан хүүд ширээний теннисийн аркет, бөмбөгний зурагтай жижигхэн энгэрийн тэмдэг бэлэглэн “энэ спортоор тууштай хичээллээрэй хүү минь“ гэж урам хайрласан юмсанж.
Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ гэсэн сайхан үг бий.Тэрхэн агшин бяцхан хүүд спорттой амьдралаа холбох өндөр үүдийг нээсэн байх болох юм. Алс баруун хязгаар нутгийн хүүхэд залуусын хувьд Улаанбаатар хотод очиж үзэх нь мөрөөдөл байсан гэхэд хилсдэхгүй. Харин С.Базар хүүгийн хувьд тэмцээн уралдаан гэж явсаар Улаанбаатар хотод жилдээ 2-3 удаа оччихдог, үеийн нөхдөд спортоор хичээллэхийн сайхнаас үлгэрлэдэг байлаа. С.Базар гуай 1963-1967 оны хооронд Биеийн тамирын Дээд сургууль төгсөж, 1967-1972 онд Ховд аймгийн Багшийн сургуульд багш, 1972-1978 онд Нэгдүгээр арван жилийн дунд сургуульд багш, 1978-1997 онд Ховд аймгийн Биеийн тамир спортын хорооны даргаар тус тус ажиллаж байв.
БАЗАР БАГШИЙН БАХДАМ АМЖИЛТААС…
Тэрээр спортын зөвхөн нэг төрлөөр бус ширээний теннис, тэшүүр, сагсан бөмбөг, волейболл, бөх гээд олон төрөлд өөрийн ур чадварыг сорьж, үнэмлэхүйн амжилт үзүүлсэн чадварлаг тамирчин.
-Тэшүүрээр 1960-1963 оны Ховд аймгийн аварга,
-Ширээний теннис-ээр 1961-1963, 1968-1972 оны Ховд аймгийн аварга, 1966 оны Улсын аварга, 1989 оны 40-49 насны Ширээний теннисний Улсын аварга, 1986-1991 онуудад дан хос төрөлд аймгийн аварга цолтой.
-Волейбол-оор УБ-хотын анхдугаар Спартакиад болон, 1965-1966 оны Улсын аварга. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн цом булаалдах тэмцээнд 1966-1970 онуудад баг тамирчид нь амжилттай оролцож нэгдүгээр байр, Өсвөрийн Волейболын тэмцээнд 1973, 1977, 1978 онуудад нэгдүгээр байр. Ахмадын Волейболын 1988-1989, 2004 оны тэмцээнүүдэд тус тус тэргүүн байрын шагнал хүртэж байлаа. Ажиллах хугацаандаа Биеийн тамирын тэргүүний ажилтан, Волейболын Спортын мастер, Хөдөлмөрийн хүндэт медаль, Волейболын “Мөнгөн бөмбөг”,“Алтан од” медаль, Волейболын Олон улсын хэмжээний мастер, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж, 2013 онд Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнагдсан юм.
Залуу нас, хөдөлмөр зүтгэлээ эх спортод зориулж, олон аавын хөвгүүдийг бахдам амжилтад хөтөлсөн түүгээр бахархахгүй байх аргагүй юм.“Багшийн эрдэм шавьд” гэдэгчилэн түүний шавь нар дунд Монгол улсын Гавьяат багш 10 гаруй, ОУХМ- цолтонгууд арвин. Багш дасгалжуулагч хүнд өөр өөрийн онцлог арга барил гэж бий. С.Базар гуайн хувьд хутуу, зарчимч нэгэн. Учир нь олон аавын хөвгүүдэд өндөр шаардлага тавидаг. Тэр хэрээр гаргах амжилт нь өндөр байдаг юм. Ямар сайндаа тамирчин хүнд бие халаалт хамгийн чухал гээд өөрөө мотоцикл унаад, хүүхдүүдээ араас нь гүйлгэж байсан хөгжилтэй түүх бий. “Өөрийн сонгосон зүйлд чин сэтгэлээсээ хандаж, замаасаа хазайж шантралгүй үр дүнг нь харахыг сургасан даа” хэмээн багшийнхаа тухай шавь нар нь ярина.
С.Базар “Хүн ямар ч спортыг сонгон хичээллэж болно. Спортын аль ч төрөл бие бялдрын өв тэгш хөгжил, зан харилцааны өндөр соёл, тэвчээр хатуужлыг олгодог. Өөртөө тавих шаардлага ч бусад хүүхдүүдтэй харьцуулахад өндөр хэмжээнд төлөвшдөг талтай. Зорьсон зүйлээсээ ухрахгүй байх ухаан бодлыг ч мөн төлөвшүүлнэ. Ер нь сайхан чанараас нь дурдаад барахгүй дээ. Спортоор хичээллэж амжилт гаргах гаргаагүйдээ чухал биш, хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлж, эрүүл бие саруул ухаантай болон, хүмүүжихэд учир бий шүү дээ” гэж С.Базар багшийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
СПОРТЛОГ ГЭР БҮЛ
Түүний хань Батсуурийн Буянхишиг. 1946 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг, Нарийн гол хэмээх газар Батсуурийн хоёрдахь охин болон мэндэлжээ. Тэрээр 1964-1973 онд Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрт жүжигчин хийж байлаа. Энэ хугацаанд арав гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн сайхан эмэгтэй юм. 1973-1977 оны хооронд Улсын Багшийн Дээд сургуульд сурч монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн юм. Үүнээс хойш Багшийн ажил, Боловсон хүчин, Намын үүрийн нарын бичгийн дарга гээд хариуцлагатай ажилд томилогдон ажиллажээ. 1989-1991 оны хооронд НААҮ-ийн Удирдах газарт боловсон хүчний тасгийн даргаар ажиллаад өндөр насны чөлөөнд гарчээ. Б.Буянхишиг гуай Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1960, 1980 жилийн ойн медаль, хүмүүнлэгийн үйлстэн, Ховд хотын хүндэт тэмдгээр шагнагдсан нь эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, шилдэг ажилтан байсныг нь илтгэх биз ээ.
Гэр бүлийн хоёр 1968 онд танилцсан түүхтэй. Өдгөө зургаан хүүхдийн эцэг эх, эмээ өвөө болон амьдарч байна. С.Базар гуайн ууган хүү Б.Баясгалан Теннисийн Спортын мастер, гуравдахь хүү Б.Батсайхан, зээ хүү Бат-Оргил тус тус Галын техникийн Спортын мастер цол тэмдэгтэй. Ихэр хөвгүүд Б.Гал-Эрдэнэ, Б.Дөл-Эрдэнэ Галын техникийн спортоор хичээллэдэг юмсанж. Том охин нь Теннисийн спортын улсын нэгдүгээр зэрэгтэй тамирчин байсан юм. Ёстой л спортын гэр бүл гэдэг нь энэ байх. С.Базар багшид амралт чөлөөт цаг ховорхон тохионо. Учир нь байнгын дасгал сургуулилт гэсээр гэрийн бараа харалгүй ажиллах үе цөөнгүй. Хүүхдүүд хаана С.Базар багш тэнд л гүйж явдаг. Амжилттай яваа эр хүний ард, сайн гэрийн эзэгтэй байдаг. Нөхрийн эзгүйд үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, ар гэрийн ажил, хоол цайнаас эхлээд ажил мундахгүй. Энэ бүхнийг амжуулж, арын албанд найдвартай зогсож чаддаг монгол ээж Б.Буянхишгээр бахархахгүй байхын аргагүй юм.
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ С.Базар, Б.Буянхишиг
Улс орон оршин тогтнохын үндэс нь гэр бүл юм. “Хүний үйлс бүтвэл, өөрийн үйлс бүтдэг” хэмээх үг манай гэр бүлийн зарчим юм. Бид сурган хүмүүжүүлэгч хүмүүс болоод ч тэр үү хэдэн хүүхдүүддээ өндөр шаардлага тавьдаг юм шиг байгаа юм. Өөрийн хүүхэд гээд толгойг нь элж өсгөөгүй. Монгол хүн унасан нэгнээ босгож, унтсан нэгнээ сэрээж, эв найрамдалтай оршин тогтносоор ирсэн. Тэр зарчмаар бие биедээ түшиг тулгуур болж, сэтгэлийн дэмээр урам хайрлаж явсаар олон жилийг ардаа үджээ. Хүний амьдралд зовлон жаргал хослон байдаг. Аливаа зүйлд шантарч хөл алдах үе бишгүйдээ л гарч байсан. Чухам тэр үед эцэг эх, ах дүү, хамт олон, найз нөхөд, олон мянган шавь нарынхаа итгэл сэтгэлийн буянд олон хэцүү давааг түүртэлгүй давж, ноён нуруу хазайлгүй амьдарч байна.