Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг…

ger-bul-ba-aaw
Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг...

Хайр халамжийг ээжээсээ…
Итгэл найдварыг ааваасаа…

       Бидний амьдран буй нийгэм ээж нарт үр хүүхдээ өсгөх, аав нарт гэр бүлээ тэжээх үүрэг өгсөөр ирсэн. Гэвч хүүхдүүд аавтайгаа ч хамт байх хэрэгтэй байдаг. Бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь эргээд насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг юм. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна.

Аав нар итгэл найдвар төрүүлэгч байдаг…

Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөртөө итгэх итгэлгүй, зүрх зориггүй, дотоод сэтгэлээ нуудаг, ажил амьдралдаа амжилттай байж чаддаггүйн учир нь ихэвчлэн бага насандаа аавтайгаа дотно сайхан харилцаатай байгаагүй, эсвэл огт харилцдаггүй байснаас болдог байна.Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг.

Сэтгэл санаагаа хуваалцах…

Аав нар “Ээж нь хүүхдээ өсгөдөг. Тэгээд ч хүүхдэд надаас илүү ээж нь хэрэгтэй. Би материаллаг зүйлсээр хангахад л болно” гэж үздэг бодлоосоо ухрах хэрэгтэй. Тэгвэл эцэг үрийн эрүүл харилцаа ямар байх ёстой вэ? Өөрөөр хэлбэл аав нар хүүтэйгээ эсвэл охинтойгоо хэрхэн холбоотой байх ёстой вэ? Энд “хуваалцах” нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүүхэд ч бай, охин ч бай аавтайгаа өөрийн санаа бодол, сэтгэлээ хуваалцах чин хүсэлтэй байдаг. Үүнийг аав нар нарийн мэдэрдэг байх хэрэгтэй. Магадгүй аав та өөрт тохиолдсон сайхан зүйлс, эсвэл бэрхшээлтэй зүйлсийн талаар бяцхан хүү эсвэл охинтойгоо ярилцаж болно. Тэд хэнээс ч илүү сонсогч бас зөвлөгч байдаг юм шүү.Ингэж илэн далангүй хуваалцах нь тэдний сэтгэл санаанд хамгийн шаардлагатай зүйлсийн нэг юм.

Эрэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг…

Аав нар хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоох нь хүйснээс шалтгаалан өөр байдаг. Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайл болгон үздэг учир түүний зан ааш, үйл хөдлөл бүхнийг дуурайдаг. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа нь ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нь ихээр нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүү нь өөрөөс нь үлгэр дуурайл авдгийг ухаарч, өөрийн зан ааш, дотоод ертөнцдөө дүгнэлт хийгээрэй.Охид ээжээсээ үлгэр дуурайл авдаг ч, өөртөө итгэх итгэлийг аав нь төрүүлдэг. Охидууд ааваараа хайрлуулж, таалагдахыг хүсдэг бөгөөд амжилт ололтыг аав нь магтах нь хамгаас чухал.

Өнөө үеийн ажлын шаардлагаар ажилдаа дарагдсан аав нар хүүхдүүдтэйгээ харилцах нь бага болсон нь яах аргагүй үнэн юм. Ажил хийдэг эхчүүд ч ялгаагүй байдаг. Тийм боловч ямар ч эх хүн ажил их, хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй гээд зугтдаггүй. Хүүхдэд тулгарсан бэрхшээл, сэтгэл санааны байдлыг ээж нь л анхаардаг.
Эцэг хүүхэд хоёр хамтдаа цагийг өнгөрүүлж, хүүхдийн насанд тохирсон зүйлийг хамт хийж,цэнгэлдэх хүрээлэн, кино театр луу явах, усанд сэлэх, хамт алхах нь хоорондын харилцааг улам бэхжүүлдэг юм шүү. Зарим талаар аавтайгаа хамт байхад ээж нь саад болох ч тохиолдол бий. Нөхөртөө итгэж чаддаггүй учраас тэднийг хамт байлгахыг хүсдэггүй маш олон эхчүүд байдаг.

Хүүхдээ цэнгэлдэх хүрээлэн авч явбал харж чадахгүй унагаачихна, гэртээ хамт орхичихвол бие биетэйгээ таарахгүй гэсэн бодлоо хаяхыг зөвлөж байна. Эцэг үрийн эрүүл харилцаа үнэн хэрэгтээ хүүхэд төрсөн цагаас эхэлдэг. Энэ үед эх хүн аавд нь итгэх итгэл нь ирээдүйн амьдралд ч чухал нөлөө үзүүлдэг. Эхчүүд нялх хүүхдийг харж хандах, асрах ажлыг нөхөртөө итгэж даалгадаггүй. Тийм учраас аав нар хүүхдээ нялх байхаас нь эхлээд хол хөндий байдал үүсдэг. Эхчүүд нөхөртөө хүүхдээ угжих, унтуулах, живхийг нь солих гэх мэт ажлыг зөвхөн өөрөө биш хайрттайгаа хамтран хийгээрэй. Ингэснээр таны гэр бүлийн харилцаа улам бэхжих юм. Танд амжилт хүсье