Цахим орчинд асуудал дагуулсан Хэнтий аймагт сүндэрлэж буй “Андлалын өргөө”-ний талаар Б.Жаргалсайхан цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрээр,
“Баруун дөрвөн зам дээр хоёр автобус мөргөлдчихсөн юм шиг, аль эсвэл хорооллын бааранд хоёр бацаан зөрөх гээд байгаа юм шиг зодолдох гээд байна уу гэж “Андлалын өргөө”-г шүүмжилж, егөөдөж болно. Засгийн Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжсэн Хэнтий аймгийн Чингис хааны цогцолборын нэгээхэн хэсэг Андлалын өргөө. Хоёр тэрбум төгрөгт босч буй цогцолбор юм. Энэ бяцхан төслөөс мөнгө төгрөг идээд байсан юм бол байхгүй.
Ландшафт, зам, дэд бүтэц зэргийг хийхэд өнгө засаад хөөрхөн юм болно. (Уг нь эхлээд хийх байлаа) Их жижигхэн цогцолбор гэж иргэд шүүмжилсэн байна лээ. Яг үнэндээ энэ тал газар 2000 хүн орох өргөөгөөр яах юм бэ. 20 хүнтэй хоёр машинтай жуулчин цувж ирнэ. Дөрвөн цагийн эргэлтэд халуун дулаан, харуул хамгаалалт гээд зардал ихтэй шүү дээ.
~Асуудал дагуулсан “АНДЛАЛЫН ӨРГӨӨ”~
Энэ Андлалыг өргөөг яагаад дэмжээд байна вэ гэхээр замд нэг буугаад орчих (зургаа татуулах, бие засчих, хоол идчих) газартай болж байгаад бэлэгшээгээд байгаа юм. Нөгөөтэйгүүр Бэрх орох, Баян-Овоогоор дайрах, хоол цай идэх, хоноглох шалтгаан ч болж болно. Яг үнэндээ Хэнтий аймаг үзчихээр хөшөө дурсгал, түүхт газар (Гэлэн хөшөө, Сүрэнхорын хээрийн хөшөө хоёроо зүйл баруун талдаа лав үгүй) Одоохондоо “Цагаан шонхор”-ын Чимэдийн Энхтайваны хийсэн зураг төслөөр хийнэ гэвэл Монгол Улс хүчрэхгүй.
Харин ч хөнжилдөө таарсан хөөрхөн зүйлүүд бариад байвал аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ. Хятадууд эхлээд Чингис хааны 7 метр хөшөө бариад өдгөө 70 метр болгосон. Үүнтэй адил төсөвтөө таарсан барилга байгууламж барих нь зүйтэй. Түүний биш Бөхийн өргөө шиг юм эхлүүлчихвэл мал хаших сараатай л болно гэсэн үг. Тийм учраас Л.Оюун-Эрдэн зөв бодолтой, алсын хараатай ажил хийжээ гэж бодсон. Эхлэл чухал, цагаан хөөс сааруулан шүүмжлэх амархан. Пялдагадсан зүйл бол ерөөсөө байхгүй шүү” хэмээв.