2021-03-19

Монголд дунджаар 953 бие гүйцсэн ЦООХОР ИРВЭС байна

tsoohor-irwes
Монголд дунджаар 953 бие гүйцсэн ЦООХОР ИРВЭС байна

Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан хамтрагч байгууллагууд болох Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн хамтран 2017 оноос зохион байгуулж дууслаа.

Судалгааны ажлыг дээрх хамтрагч байгууллагууд болон Монгол Улсын их сургууль, эрдэмтэн судлаачид, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд нийлсэн 500 орчим хүн 40 гаруй удаагийн хээрийн судалгаагаар хийж гүйцэтгэлээ. Маш чухал энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлогоор дэмжиж оролцсон юм.

Цоохор ирвэс бүхий 12 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан “Дэлхийн цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тогтоох ёстой гэсэн томоохон зорилго тавьжээ. Тэгвэл дээрх судалгааны ажил тус зорилготой нийцэж байгаа бөгөөд Монгол Улс дээрх орнуудаас дэлхийд анх удаа шинэлэг арга зүй, том талбайг хамарч хийснээрээ анхдагч нь болж байгаагаараа онцлогтой юм.

~Монголд дунджаар 953 бие гүйцсэн ЦООХОР ИРВЭС байна~

Ирвэсийн хээрийн судалгаа хийнэ гэдэг амаргүй ажил. Ирвэс бол тал хээрийн амьтан биш. Уулын хамгийн бартаа саадтай, хад асгатай, явахад хүндрэлтэй газарт амьдардаг. Аргаль, янгир бол нүдэнд харагддаг учир тоо толгойг нь тоолоод гаргах боломжтой. Харин ирвэс нуугдан амьдардаг учраас нүдээр харж тоолох боломжгүй. Тиймээс судалгааны өвөрмөц аргуудыг ашиглажээ.

Үүнд, цоохор ирвэсийн ул өрийг тогтоох тохиолдцын судалгаа, автомат камерын судалгаа, амьдрах орчны загварчлал, хүзүүвчилсэн цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөний зураглалаар эзэмшил нутгийг нь тогтоох, нутгийн иргэдээс ирвэсийн талаар асуулга авах зэрэг олон арга, аргачлал бүхий мэдээлэл бүрдүүлэн ажиллажээ.

Судалгааны үр дүнд ирвэсийн тоо толгой 806-1127 буюу дунджаар 953 бие гүйцсэн цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328000 км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа нь тодорхой боллоо. Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн хоёр дахь том популяци бүхий улс болж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар