Дуучин Ч.Бат-Эрдэнэ Нийслэлийн соёл, урлагийн газрын даргад томилогдов

duuchin-Bat-erdene-01
Дуучин Ч.Бат-Эрдэнэ Нийслэлийн соёл, урлагийн газрын даргад томилогдов

Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ.

Өмнө нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн ажиллаж байсан ч хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард халах шийдвэр гаргасан юм.

Ийнхүү тус албаны үүргийг Э.Цэнд-Аюуш түр орлон гүйцэтгэж байсан бол Ч.Бат-Эрдэнэ албан ёсоор томилогдож, удирдлагатай болов.

Ч.Бат-Эрдэнэ өмнө нь Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн захирал, тус сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын алба хашиж байсан юм.

Зохиолын дууны “ханхүү” гэгдэж явсан тэрбээр 2000 онд туурвисан “Хонхны нулимс” дугаараа олонд танигдсанаас хойш дуучин Э.Оюумаатай хослон дөрвөн цомог, бие даасан дөрвөн цомог гаргаж, долоон удаа бие даасан тоглолтоо хийжээ.