Covid-19 өвчин шоронд тархах аюултай байгаа тул Италийн шоронгуудаас мафийн өндөр настай боссууд суллагдаж эхэлжээ.
Саяхан Милан хотын шүүх Коза Ностра бүлгийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг, 78 настай Франческо Бонураг суллаж, гэрийн хорионд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Тэрээр 23 жилийн хоригдох ял эдэлж байжээ.
Түүнээс өмнө Ндрангета бүлгийн боссууд болох 65 настай Винчензино Ианаццо, 72 настай Рокко Санто Филиппоне нарыг мөн ийм шалтгаанаар шоронгоос сулласан юм.
Ялангуяа амьсгалын замын архаг өвчтэй Филиппонег коронавирусийн халдварт өндөр эрсдэлтэй гэж шүүх дүгнэжээ.
Цаашдаа энэ маягаар 70-аас дээш настай 74 босс суллагдах магадлалтай байна. Тэдний дотор хүн амины ноцтой хэрэг үйлдсэн этгээдүүд ч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Италийн шоронгуудад нийт 12,000 орчим мафийн гишүүн хоригдож байгаа гэсэн тоо бий.
Тэдгээр хоригдлууд суллагдахын тулд шоронд зориудаар халдвар тараах хуйвалдаан төлөвлөж байж болзошгүйг Италийн шоронгийн харгалзагч нарын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Лео Бенедучи анхааруулсан байна.
Италийн хууль зүйн сайд Альфонсо Бонафеде мафийн боссуудыг суллах шийдвэр засгийн газраас гараагүйг баталж, шүүхийн шийдвэрийг нягтлан шалгах тухай хэвлэлд ярьжээ.
Мафийн сүрдүүлгээс зугтаж, цагдаагийн хамгаалалтад байгаа сэтгүүлч Лирио Аббате “Гудамжинд Covid-19-тэй хамт мафийн вирус тархах эрсдэл үүсч байна. Давхар тахал дэгдэхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэж ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian