Уртын дууны уянгат аялгуунд ард түмнээ уярааж, үндэснийхээ уламжлалт уртын дууныхаа гайхамшгийг тив дэлхийд гайхуулан яваа Монголын бахархал болсон эмэгтэй бол Монгол Улсын Гавьяат Жүжигчин, уртын дууч Ганбаатарын Хонгорзул. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан гавьяа түүнд бий. Түүний бахдам их амжилтын ард ямар сайхан хань, ямар сайхан үр хүүхдүүд байдгийг энд танилцуулж байна…

Түүний ханийг А.Батмөнх гэдэг. Урлагийн хүмүүсийн амжилт бүтээлийн ард түшиг тулга болсон сайн хань бат зогсдог.

Үүний адилаар гэргийнхээ ажлыг үргэлж хүндэтгэн ойлгож, дэмжиж урамшуулдаг тэрээр сантехникийн инженер мэргэжилтэй.

 “Сайхан ханьтай учирсан би их азтай эмэгтэй”

1995 онд Г.Хонгорзул Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулгад дагалдан дуучнаар орж байсан тэр үед ирээдүйн нөхөр А.Батмөнх тус чуулгад бүжигчнээр ажилладаг байжээ.

Гэхдээ энэ үед нэгнээ зөвхөн нэг ажлынхан гэж боддог байсан бол хожим Г.Хонгорзулыг СУИС-д сурч байхад нь эргэн учирч, улмаар гэр бүлийн хоёр оюутан ахуй цагаасаа үерхэн дотноссон байна.

Ингээд 2002 онд хуримаа хийн, гал голомтоо бадрааж, үүнээс хойш 18 жилийн амьдралыг хамтдаа босгож, өдгөө 3 сайхан үрийн зулай үнэрлэжээ.

Г.Хонгорзул,

Үнэндээ хань минь намайг чуулгаа орхиод хот руу оюутан болж ирснийг дуулаад хойноос минь ирсэн юм билээ. Сургууль, оюутны байраар сурагласан ч намайг олоогүй гэдэг. Нэлээн удаан хугацаанд хайсан ч олоогүй мөртлөө IV дэлгүүрийн өмнө бид хоёр гэнэт тааралдсан. Заяаны хань зам дээр гэдэг л болсон доо. Ингэж хань бид хоёр оюутан ахуй цагтаа эргэн учирч, гэр бүл болсон байна”…

Urtiin-Duuchin-Hongorzul
А.Батмөнхийн халуун ам бүл

А.Батмөнхөөр овоглосон энэ өрх айл гурван сайхан хүүхэдтэй. Ууган хүү Б.Эрдэнэ-Очир одоо 9 настай. Том охин Б.Есүйнээ 7 настай бол бага охин Б.Төгсбилэгт одоо хоёр ой гарантай. Өөрсдийг нь өвч дуурайсан гурван үрээ сайн хүн болгон хүмүүжүүлэхийн тулд тэдэндээ цаг зав их гаргахыг хичээдэг байна. Ээж Г.Хонгорзулын хувьд сүүлийн долоон жил аялан тоглолтуудаа цэгцэлж, аль болох хүүхдүүддээ цаг заваа зориулахыг эрхэмлэх болсон гэлээ.

Жаахан байхын монгол хэл, уран зохиолын хичээлийг шимтэн сонирхдог Г.Хонгорзул сэтгүүлч болохоор сэтгэл шулуудан байсан тэр хавар аймагт нь хүссэн хуваарь нь ирсэнгүй. Хүссэн хуваариа авч чадаагүй тэрээр хөдөө өвөө, эмээ дээрээ мал хариулж хоёр жилийг үджээ. Дуу цөөнтэй, даруухан Г.Хонгорзул бэлчээрт мал хариулж явахдаа үргэлж чангаар дуу дуулж явдаг байж. Гэхдээ тухайн үед уртын дуу мэддэггүй байсан гэсэн шүү. Ингээд хувь тавилангийн зурлагаар тэрээр хүмүүсийн шахалтаар аймгийнхаа чуулгад шалгалт өгснөөр тэнцэж, уртын дуучин болох эхлэл нь тавигджээ. Энэ үеийн дүр төрх тус зурагнаа буужээ.

~Ухаан, тэвчээр, хүн чанар гурав “ХАЙР”-ыг бөхөлдөг~
Urtiin-Duuchin-Hongorzul
Г.Хонгорзул уртын дуу зааж сургасан гурван сайхан багштай. Түүний хамгийн анх уртын дуу заасан багш нь Хэнтий аймгийн “Хан-Хэнтий” чуулгын уртын дууч С.Нансалмаа юм. Багшийнх нь багш, мөн Г.Хонгорзулын багш АЖ, уртын дууч Ч.Шархүүхэн болон түүнийг мэргэжлийн дуучин болгосон гавьяат багш Ц.Дэлгэр нар ийн шавийнхаа 2006 онд хийсэн “Их талын шуранхай” анхны бие даасан тоглолтын үеэр ийн зургаа татуулжээ.

Г.Хонгорзул,Уртын дуу өөрөө Монгол түмний маань бардам бахархаж, цээжээ дэлдэх эрх чөлөө юм. Тусгаар тогтнолоо эгшиг дуугаараа ингэтэл батлан эгшиглүүлж байгаа улс өөр хаана ч байхгүй

Г.Хонгорзул 1998 онд СУИС-д уртын дуучны ангид элсэн орж, 2003 онд төгссөн бөгөөд сургуулиа хараахан төгсөөгүй байхдаа тэрээр эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд цуурайтуулсан гавьяатан. Энэ гавьяа бол Монголоос анх удаа 2002 онд Япон улсын Токио хотноо болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтийг уртын дуугаараа нээсэн явдал.

Энэ үеэр дэлхийн алдарт хөгжмийн зохиолч, хөгжимчин Ёо ёо ма Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлийг төгөлдөр хууран дээр тоглож, энэхүү аянд тэрээр тайзнаа уртын дуугаа эгшиглүүлсэн. Мөн 2005 онд энэ том хөгжмийн зохиолчтой гар нийлэн Шведийн Стоколм хотноо болсон Нобелийн шагнал гардуулах ёслолыг уртын дуугаараа нээсэн. Энэ мэтчилэн дэлхийн олон орноор Ёо ёо ма хөгжмийн зохиолчтой хамтран тоглолтоо хийсэн байдаг.

Ууган хүү Б.Эрдэнэ-Очир ойтой байх үеийн зураг. Хүүгийнх нь өмссөн дээл их учиртай. Г.Хонгорзулыг төрсний дараа МУГЖ, дуучин Т.Ариунаа түүнийг эргэж ирэхдээ хүүд нь бэлэглэсэн дээл. Уг дээлийг Т.Ариунаа өөрөө 108 торгоны өөдөс цуглуулан, түүгээрээ дээл урлуулан бэлэглэсэн нь энэ.

~Малын бэлчээрээс хангинатал дуулж, Дэлхийн тавцанд гарсан Уртын дууч…~

Г.Хонгорзул багын дуу цөөнтэй, даруу төлөв зантай охин байсан бөгөөд цаас, үзэг нийлүүлэн шүлэг тэрлэн суудаг байжээ. Олон ч үзэг, цаас элээж, олон ч хад чулуун дээр шүлэгнүүдээ бичиж явсан гэнэ. Одоо ч гэсэн тэрээр онгод нь орсон үедээ шүлэг тэрлэх дуртай. 10 гаруй жил уртын дууныхаа яруу тансгийг эх орондоо төдийгүй тив дэлхийд гайхуулан яваа тэрээр энэ хугацаандаа 4 бие даасан тоглолтыг ард олондоо толилуулж, хоёр цомгоо өргөн барьжээ.

2006 онд “Улаанбаатар чуулга” үүд хаалгаа нээж байсан бөгөөд хамгийн эхний тушаал нь буусан ажилтан нь Г.Хонгорзул байв. Тэрээр чуулгатайгаа нас чацуу 8 жил ажиллажээ. Түүний урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр үнэлж, 2009 онд түүнийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр мялаажээ.

Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ёо ёо матай хамтран аялан тоглолт хийж байгаа газрууддаа Г.Хонгорзулын намтар бүхий энэ номыг олонд дэлгэн танилцуулдаг байсан нь энэ.

urtiiin-duuchin-hongorzul
Малын бэлчээрээс хангинатал дуулж, Дэлхийн тавцанд гарсан МУГЖ, УРтын Дууч Г.Хонгорзул

Г.Хонгорзул, “Хүнд амьдралд нухлагдсаар муу муухай болдоггүй, харин ч түүнийхээ хэрээр ухаан тэлж амьдралаас өөрийгөө олж авдаг

Г.Хонгорзул хүндийн өргөлтийн спортын хорхойтон. Мөн шимтэн үзэгч ч гэж хэлж болно. Энэ төрлөөс МУГТ Н.Баярмааг илүүтэй дэмждэг тэрээр зүгээр ч нэг уг спортод дурлаагүй.

Цэл залуугаараа аав, ээж, мөн бага дүүгээсээ хагацсанаас эхлээд амьдралын олон хүнд давааг давж ирсэн болохоор энэ спортод өөрийн эрхгүй татагдах болсон гэдэг. Хүн бүр сэтгэлдээ хүнд ачааг тээж явахыг хүсдэггүй.

Үүний адил сэтгэлд бугласан их шаналал зовлонгоо тэр хүнд штангаар зүйрлүүлэн жишиж, болдог бол энэ штанг шиг тэр бүхнээ аваад шидчих юмсан гэсэн сэтгэлээр ийн хүндийн спортод дурлах болсон учиртай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу