2019-12-06

Бермудийн гурвалжингийн нууц…

Бермудийн гурвалжин гэсэн нэрийг та газрын зураг дээрээс хэчнээн гярхай хайлаа ч олохгүй. Бермудийн гурвалжин гэдэг нь Америкийн Флорида мужийн эрэг, Бермуд, Пуэрто-Рико арлыг хооронд нь зураасаар холбоход үүсэх гурвалжин хэсэг юм.

Гэхдээ нутгийн иргэд гурвалжин биш трапец хэлбэртэй гэж үздэг аж. Учир нь Карибын тэнгис, Мексикийн хоолой, Багама, Биминий арлууд тэрхүү Бермудийн гурвалжин гэсэн ойлголтод багтах бол хэлбэр нь трапец болж таардаг юм.

Бермудийн гурвалжин хүн төрөлхтөнд учир битүүлэг үхэл, ор сураггүй болсон олон онгоц, усан онгоцнуудын түүхээрээ аймшиг төрүүлдэг. Яагаад ч юм Бермудийн гурвалжинд олон тооны онгоц сүйдэж, олон зуун хүн сураггүй болсон түүхтэй. Энд далайн догшин хар салхи үүсч, далайн гүн эргүүлэг олон таардаг гэдэг. Хэдийгээр байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй бишрэм ч гэлээ далайн омголон догшин, учир битүүлэг байдал нь эрхгүй айдас төрүүлдэг. Флоридад хар салхи жилдээ 60 хоног эргэлддэг бол Бермудэд 80 хоног хаанчилдаг аж. Цаг агаар тогтуун, салхи шуурга дэгдээгүй үед ч усан онгоц сураггүй болох тохиолдол цөөнгүй.

Судлаач Эдгар Кейсийн олж тогтоосноор Бимини арлын ойролцоох дайлан усан дор 2.5-3 метр өндөр чулуун хана байдаг гэнэ. Эртний барилга байгууламж гэмээр энэ чулуун хэрмийг хэн нэгэн байгуулсан гэдэг нь илт байдаг. Харин хэн гэдгийг одоогоор тайлж чадаагүй байгаа юм. Энэ мэт сонирхолтой, хачирхалтай зүйл Бермудийн ойролцоо тун олон. Пуэрто-Рико арлаас 120 км өргөн, 1550 км урт мөрөн эхээ авдаг бөгөөд адагт нь олон онгоц сүйрсэн юм.

Мөн Бермудийн гурвалжинд Саргассовын тэнгис багтана. Далайн дунд байрладгаараа Саргассовын тэнгис дахин давтагдашгүй онцлогтойгоос гадна бас олон олон усан онгоц энд ор сураггүй болж, зуу зуун хүний аминд хүрснээрээ аймшиг төрүүлдэг. Бермудийн гурвалжинтай холбоотой зарим нэгэн аймшигт, учир битүүлэг түүхийг өгүүлье.

1967 оны муу ёрын долоо хоног
Нэг онгоцны сүйрлийг азгүй тохиолдол, золгүй явдал гэж үзэж болох нь мэдээж. Харин долоо хоногийн дотор гурван онгоц Бермудын гурвалжингийн дээгүүр нисч явахдаа сүйрснийг тохиолдол гэж үзэхэд бэрх юм. 1967 оны нэгдүгээр сарын нэг долоо хоногийн дотор Форт-Лодердейлээс Бимини арал руу хөөрсөн “Чейс ҮС-122”, Майамигаас Флорида-Кис арал руу ниссэн “Бич-крафт-Бонанза”, Сан-Хуанаас Сент-Томасын арлыг зүглэсэн “Пайпер апаш” хэмээх гурван онгоц дараалан сүйрчээ.
Эхлээд “Чейс ҮС-122” сүйрсэн бол гурав хоногийн дараа “Бич-крафт-Бонанза” түүнээс дахиад гурав хоногийн дараа “Пайпер апаш” осолдсон байна. Тухайн өдрүүдэд цаг агаар тун сайхан байж таарсан нь бүр хачирхалтай. 1967 онд Бермудийн гурвалжингийн дээгүүр нислэг үйлдсэн найман онгоц осолдсон нь олныг цочирдуулжээ.

Чак Уоклисст тохиолдсон явдал
1964 оны арван нэгдүгээр сард нисэгч Чак Уоклисст итгэхэд тун бэрх явдал тохиолджээ. Бермудийн гурвалжингийн дээгүүр нисч өнгөрөх үед гэнэт мотор гацаж, онгоц нь доошоо унаж эхэлсэн байна. Сандарсан нисэгч онгоцныхоо далавчийг хартал шатаж байгаа харагдаж. Ингээд сүйрч буй онгоцоо удирдахын тулд бүхнийг хийж, азаар осолгүй гарч чаджээ. Бермудийн гурвалжинг өнгөрсний дараа галд шатаж байсан далавч нь зүгээр болчихсоны учрыг Чак Уоклисс огт ойлгоогүй ч бурханд залбирч, дахин Бермуд дээгүүр нисэхгүй гэж өөртөө андгайлсан аж.

Гарри Гарднерын усан онгоцны багийнхан сураггүй алга болсон нь
Америкийн нэртэй бизнесмен Гарри Гарднерын усан онгоц 1970 оны гуравдугаар сард Майамигаас Пуэрто-Рико руу хөдөлжээ. Замынхаа дундаас тэд дөрөв хоногийн дараа зорьсон газраа хүрнэ гэж мэдээлснийхээ дараа гэнэт алга болжээ. Дөрөв хоногийн дараа арал дээр ирэх ёстой усан онгоцыг 14 хоног хүлээсний эцэст эрэл хайгуулд гарав. Сарын дараа усан онгоцыг олсон ч нэг хүн байсангүй. Онгоц Пуэрто-Рикогоос 1000 км-ын цаана орших Грейт-Абакогийн арлын ойролцоогоос олдсон нь ч бас гайхалтай. Усан онгоц богино хугацаанд тийм хол газар зорчиж чадсаны нууцыг олж чадаагүй юм. Мөн багийн гишүүдийн нэгийнх нь цогцос байгаагүй нь аймшиг төрүүлжээ.

5054 дүгээр нислэг
“Комер” онгоц 2001 оны гуравдугаар сарын 19-нд Нассаугаас Орланда руу 5054 дүгээр нислэг үйлдэхээр болжээ. Бермудийн гурвалжингийн дээгүүр нисэх үед онгоцны дулаан дамжуулах системд эвдрэл гарч, баруун далавч нь мөстөж эхэлсэн байна. Ингэснээр онгоц дайвалзаж, өндрөө алдаж эхлэв. Онгоцны нисэгч 10 мянган фут хүртэл доошилсны эцэст онгоц тэнцвэрээ олж, Флоридагийн нисэх онгоцны зурваст буужээ. Хэдийгээр энэ нислэгийн нэг ч хүн гэмтэж, осолдоогүй ч Бермудийн гурвалжингийн дээгүүр нисэхэд доголдсон систем нь дараа нь зүв зүгээр ажиллаж эхэлсэн нь гайхшрал төрүүлсэн юм.

Алдагдсан арван минут
1960 онд Майамигийн нисэх онгоцны буудалд газардах ёстой байсан зорчигч тээврийн онгоц нислэгийн явцдаа гэнэт радараар алга болжээ. Арван минутын турш радарт харагдаагүй онгоцыг бүгд л “Сүйрчихлээ” гэж гашуудаж байтал гэнэт дахин радарт харагдаж эхэлсэн байна. Онгоцны нислэгийн багийнхан, зорчигчдоос бэртэж гэмтсэн хүн нэгээхэн ч байгаагүйгээс гадна тэд нислэгийн явцад ямар ч аюул, айдас түгшүүр мэдрээгүй байж. Тэдэнд арван минутын турш радараас алга болсныг хэлэхэд гайхширч, нислэг тавтай тухтай болсныг гайхсан гэнэ.