Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах эрх зүйн боломжийг нээсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр /2020-03-18/ танилцуулав.
Дээрх шийдвэрийг өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан байна. Ингэхдээ Банкны активын ангиллын журам, Зохисгүй харилцааны журамд өөрчлөлт оруулснаар зээлийн нөхцөлийг хөнгөлөх, зөөллөх боломж байна гэж үзсэн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн мэдээлийн үеэр онцлов.
Тэрбээр, “Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр нэгдүгээр сарын сүүл үеэр гарсан. Үүнээс хойш хугацаанд банкуудад зээл төлж байгаа иргэдэд ямар хүндрэл гарч байгааг судалж байна. Гэхдээ эхний ээлжинд зээлдэгч 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар журамд өөрчлөлт оруулж зохицууллаа” хэмээв. Ингэснээр зээлдэгчийн үндсэн зээл гурван сараар сунгагдах ч энэ хугацаанд ямар нэгэн хүү төлөхгүй юм.
~Зээлийн төлбөрөө 90 хоногоор хойшлуулах боломжтой боллоо~
Энэхүү журмын өөрчлөлт нь ББСБ, Хадгаламж зээлийн хоршоодод ижилхэн бөгөөд нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 27 хоорондох эргэн төлөлтөд үйлчлэх юм. Санхүүгийн сахилга бат алдаж зээлийн төлөх хугацааг хэтрүүлсэн бол тухайн зээлдэгчийн ангилал буурч зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад ордог. Тэгвэл онцгой дэглэм тогтоосноос хойших зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй байхаар журамд тусгажээ.
Зээлийг гэрээгээр зохицуулдаг тул ААН-үүд арилжааны банктайгаа гэрээгээ шинэчлэн шинэ бүтцэд шилжүүлэх боломжтой. Харин хэрэглээний зээл тоон үзүүлэлтээр нийт зээлийн 90 хувийг эзэлж байгаа тул цахим хэлбэрээр гэрээг шинэчлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхийг банкуудад зөвлөсөн байна. Зээлээ төлөх боломжтой иргэн, ААН-үүд эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж болно гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцоллоо.
Банкуудад зээлийн эргэн төлөлтийн орлого төвлөрөхгүй байснаар алдагдал хүлээх эрсдэлтэй тул банкуудад байгаа барьцаа хөрөнгийг үндэслэн Монголбанкнаас бодлогын хүүний хэмжээнд эх үүсвэр олгох боломжтойг онцлов.